2026 Energy of Words уралдаанд бүтээл хүлээн авч байна


Дэлхийн эрчим хүчний холбоо (Global Energy Association)-ноос зохион байгуулдаг "2026 Energy of Words" уралдаанд оролцох бүтээлийг энэ оны 4 дүгээр сараас хүлээн авч байна. Энэхүү уралдаан нь дэлхийн эрчим хүчний салбарын гол үйл явдал, чиг хандлагыг мэдээлдэг сэтгүүлчид, блогчид, сурвалжлагчдад зориулагдсан. Уралдаан нь “Эрчим хүчний талаарх шилдэг нийтлэл”, “Эрчим хүчний талаарх шилдэг видео материал”, “Эрчим хүчний байгууламжийн шилдэг зураг” гэсэн 3 номинациар явагдаж байгаа бөгөөд уралдаанд оролцох бүтээлийг 2025 оны 1 дүгээр сарын 1, түүнээс хойш нийтлэгдсэн байх ёстой аж. Уралдаанд оролцогчид хэвлэмэл хэвлэлд эсвэл онлайнаар нийтлэгдсэн нийтлэл, бие даасан судалгаа, ярилцлага, видео, блог, подкаст, мэдээллийн агентлагийн тусгай төслүөөр оролцох боломжтой. Бие даасан шинжээчдийн зөвлөл уралдаанд ирүүлсэн бүтээлийг хамаарал, өвөрмөц байдал, агуулга, баримтын үнэн зөв байдал зэрэг хэд хэдэн шалгуураар үнэлнэ.
Дэлхийн эрчим хүчний холбооны ерөнхийлөгч Сергей Брилев “Өнгөрсөн онд уг уралдаанд 31 орны 210 бүтээл оролцсон. Энэ жил ч өргөнөөр оролцоно гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр эрчим хүчний салбар нь хурдацтай өөрчлөгдөж буй зах зээлийн нөхцөл байдал, геополитикийн хэлбэлзлийн төвд байна. Эдгээр хүчин зүйлс нь шинэ технологийн шийдлүүд гарах, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, дэлхийн эрчим хүчний зах зээлийн хөгжлийн мөн чанарыг дахин үнэлэхэд түлхэц болж байна” хэмээн онцолжээ. Бүтээлийг 2026 оны 9 дүгээр сарын 1 хүртэл хүлээн авна. Бүтээлийг https://energyofwords2026.com/ сайтаар ирүүлэх бөгөөд уг сайтаас уралдааны дүрэм журам, ерөнхий заалт, уралдааны журам, нөхцөлийг авна уу.
Эх сурвалж: https://globalenergyprize.org/en/2026/04/01/call-for-entries-to-participate-in-2026-energy-of-words-contest/
Хуваалцах:


